Ирээдүйн өөртөө илгээх захидал: Өнгөрсөн, одоо, ирээдүйн "БИ"-тэйгээ хөөрөлдөхүйн гайхамшиг
Ирээдүйн өөртөө захидал бичих нь зөвхөн дурсамж биш. Сэтгэл судлалын судалгаагаар энэ нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж, энгийн өдрүүдийн үнэ цэнийг мэдрүүлдэг ажээ.
Энэ нийтлэлд
Олон жилийн өмнө, дунд сургуульд байхдаа хөтөлж байсан өдрийн тэмдэглэлээ эргээд нэг сөхөөд үзээрэй. Бид тухайн үедээ дотоод сэтгэлийнхээ хамгийн гүн гүнзгий хямрал, баялаг амьдралыг баримтжуулж байна гэж боддог байсан ч өнөөдрийн нүдээр харахад ихэнх нь нэг тийм шалихгүй, хөгжилтэй зүйлс байдаг шүү дээ. Сургуулийн бүжгэнд хэнтэй явах, эсвэл теннисийн багт орж чадах эсэхдээ л бүхнээс илүү санаа зовдог байж. Гэсэн хэдий ч одоо бодоход эдгээр нь тэнэгхэн асуудал мэт санагдах авч, аливааг цаасан дээр буулгаж, өөрийнхөө түүхийг баримтжуулах тэр үйл явцаас ямар их таашаал авч байснаа Та лавтайяа санаж байгаа байх.
Тэр үед бид үүнийг бүрэн ухамсарлаагүй ч, тэрхүү эерэг мэдрэмж нь алс ирээдүйд орших "хөгшин" өөртэйгөө хууч хөөрч байгаагаас үүдэлтэй байсан юм. Хэзээ нэгэн цагт бичсэн зүйлээ эргэж уншина гэдгээ зөн совингоороо мэдэж байсан учраас бид тэмдэглэлээ "Хайрт өөртөө..." хэмээн эхлүүлдэг байсан биз ээ.
Тэгвэл бидний залуу болон хөгшин дүрүүдийн хоорондох энэ төрлийн яриа зөвхөн дурсамж төдий зүйл үү, эсвэл үүнд илүү гүн гүнзгий ач холбогдол бий юу? Сүүлийн үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаан ийм төрлийн захидал бичих дасгал нь бидний сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хоёр хэлбэрээр дээшлүүлдэг болохыг тогтоожээ.